Сэтгэл гуниглана дотроо шанална
Сэмхэн хүсэвч гаднаа бухимдана
Хүслээ хориод чамайг зовооно
Хүлээхийн жаргал гэж өөрийгөө хуурна Амьдрал хундага архинд шингэхэд
Амьдрал хатсан талханд тогтоход
Амьдрал чамд хайртай гэнэ
Аз жаргал ирнэ гэнэ
Амьдрал элбэг хангалуун болоход
Амьдрал хүслээр биелэх үед
Атаархаж эгэл хүн болохыг хүсдэг гэнэ
Азгүй тэдний нэг болохсон
Бүтэлгүйтлээ дурлал минь гэж хүмүүс шанална
Бүтсэн хойно нь илүү харна
Зорисондоо хүрээд жаргал амсаад
Зовсоноо мартаад дээгүүр савна
Асуудал дуусдаггүй энэ орчлонд
Амьдралын утгыг ойлгох гэж явсаар
Хүн бид сэтгэдэг учир
Хүндэлж нэгнээ хайрладаг болохоор
Бусдын төлөө гэсээр явна би
Бухимдаж зарим нь үүнд эгдүүцнэ
Би тэнгэрийн амьтан дүүлэн нисэх хараацай
Би эрх чөлөөт энгүй жаргалт хараацай
Мөрөөдөл минь энэ жигүүрлэн нисэх
Мөнхөрч үлдлээ ч энэ биелэхгүй
Хүн болсондоо хэдэн удаа баярлаж байв
Хүслээ биелүүлж хэр удаан жаргав
Аав ээжээ баярлуулах
Амраг хонгороо энхрийлэх
Алаг үрээ эрхлүүлэх
Анд нөхөддөө туслах
Ажил хэргээ бүтээх
Аз жаргал мөн үү энэ
Аль эсвэл төсөөлөл үү
Сайхан хүүхэнтэй цэнгэх
Сархад уун наргих
Салхи залгин сэлгүүцэх
Санаа амар унтах
Амьдрал мөн үү энэ
Аль эсвэл цагийн гарз уу
Алаг эрээн энэ орчлонд
Аливаа бүхэн хосолно
Амьдралын учрыг олох гэж энэ насаа элээнэ
Аз жаргалыг нээх гэж бүх насаараа хүлээнэ

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: